ДЭЛХИЙН ОЛОН ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДАЖ ЭХЭЛСЭН "ПААНАН"

🕔 2018/03/01 12:48

ДЭЛХИЙН ОЛОН ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДАЖ ЭХЭЛСЭН "ПААНАН"

 

"Паанан”. Монголын утга зохиолыг шуугиулсан дуулиант тууж даа. Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболдын эл тууж миний мэдэхээр гурван ч удаа хэвлэгдсэн ч уншигчдад эрэлттэй хэвээр байгаа бүтээл.

Өө, бүр дөрвөн ч удаа хэвлэгдсэн юм байна. Анх эхэлж "Билгүүн судар” ч бил үү сонинд хэвлэгдэж, ерээд онд ёстой нэг дуулиан тарьж байсныг олон хүн санаж байгаа байх. "Паанан” эх хэлнийхээ хил хязгаараас харцага шонхор мэт хэдийнэ халин дэвж Германы монголч эрдэмтэн Ренате Баувегийн ачаар герман хэлэнд орчуулагдан, эдүгээ испани, италид хэвлэгдэх гэрээ хийгдэж буй талаар зохиогч цахим хуудсандаа бичсэн байсан.

Өнгөрөгч жил гэхэд Америкийн монголчуудын хүсэлтээр хэвлэгдсэн. Тэгэхээр удахгүй англи хэлнээ хөрвүүлэгдэх биз. Сүүлд хэвлэгдсэн "Паанан” номд нэр дурдагдсан туужаас гадна "Соёо”, "Миний Нарансолонго” хэмээх хоёр тууж нь чандмалан орсон байна лээ.

"Паанан” бол уншигчийг шууд хөтлөөд явчихдаг увдислаг тууж. "Зуун жилийн ганцаардал”-ыг шидэт реализм гэдэгтэй адил тийм увдислаг бүтээл. Жирийн монгол ахуйг хүний сэтгэлийн эгшиглэнт, эмзэглэлт чавхдсан хослон дуулуулж, уйлуулж, туйлуулсан зохиол.

Цэвэг, Цэрмаа хоёр хонины бэлчээрт анх танилцаж байх үеийн хөөрөлдөөн бол гайхамшигтай амьд, бас сэтгэлд наалдацтай. Аргагүй л монгол зохиолчоос л урсах сэтгэлийн драм. Өөр хаанахын хэн гээч сонгодог нь бай бичиж үл чадах хэсгүүд шүү. Өөрөөсөө гардаг шар гэрэлтэй ярьж яваад эзгүй хээрийн хойморт морьтой танихгүй хүнтэй таарч байгаа охин хонгор бүсгүй, ээжийг нь нас барахад гэрийнх нь гадаа харагдсан ижил цоохор морьтой хүн, охин насаа гээнгүүт Цэрмаагийн шидэт шар гэрэл өөрт нь үзэгдэхээ больж байгаа, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх Паанан хэмээх охин гөлгийн эрх төрх, үнэнч зан. 

Цэвэг Цэрмаагаа босуулж авахаар ижил зүсмийн морьтой давхиж явах үедээ муу ёроор ч гэмээр могойн үхэлтэй таарч байдаг. Тэр бүү хэл могойн нүд хурцаар гялалзах шиг болсон нь хүртэл нуруу хүйт оргимоор. Цэрмаагийн өнгө мөнгөний шүлэнгэтэлд автан, унаган мөн чанараа гээж буйг үндсэндээ Паанан жингэрийн байгалийн зөнтэй холбон уяж өгснөөрөө энэ туужийн совинлог, увдислаг, байгалилаг жинхэнэ агуулга тодорно.

Цэрмааг хотын жолооч даган явсны хойно архинд толгойгоо мэдүүлсэн Цэвэг хоточ, үнэнч Паанан нохойгоо хүлчихээд нүдэж байхад жингэрийнх нь нүднээс нулимс дусалж зөөлөн ширтэж байгаа нь яг л хүнчилж бичсний гайхамшиг. Сүүлд Паанан нялх гөлгүүдээ өшиглүүлээд эзэндээ өширч байгаа нь нэг талаар үйлийн үртэй холбогдож, нөгөө талаар байгалийн зөн өгөгдөл мөнөөс мөн гэлтэй.

Хээрийн чонотой нийлж амьтан айлгаж, хүмүүсийн хараал идсэн Паанан цагаан солио туссан эзнийхээ цахиртан дуудах чимээнээр гарч ирж өөрийгөө төгсгөж буй нь юутай уяралтай бөгөөд гунигтай билээ дээ. Тэгэхэд ариун цагаан итгэлийг нь хулгайлсан хүн гээч амьтан нохойны дэргэд огтхон ч өрөвдөх сэтгэл, өмрөх өргүй өчүүхэн амьтад юм гэсэн санаа энэ туужаас нэвт ханхална.

Энэ бол гэхдээ уншаад миний л харсан өнцөг. Ямартай ч энэ номыг хэдэнтээ уншаад Доржзовдын Энхболд хэмээх зохиолч "Паанан”, "Соёо” хэмээх туужуудаараа Монголын болоод дэлхийн утга зохиолд нэр мөрөө дуурсгаж яваа бичгийн их хүмүүн юм гэсэн бодлыг л тээж үлдсэн юм даг.

Л.Батцэнгэл ("ӨДРИЙН СОНИН"-Ы 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУГААРТ ХЭВЛЭГДСЭН БОЛНО.)

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!