ЦАХИМЖСАН БИЕЭ ҮНЭЛЭЛТ

🕔 2017/12/14 13:53

ЦАХИМЖСАН БИЕЭ ҮНЭЛЭЛТ

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний мэргэжил гэгддэг биеэ үнэлэлт техник технологийн эринтэй хөл нийлүүлэх болсноор ид цэцэглэн хөгжиж байна. Тодруулбал, АНУ-д гэхэд жилд 14-25 насны 10 сая гаруй охид, бүсгүйчүүд өдөр бүр вэб камер, гар утас зэргийг ашиглаж биеэ үнэлдэг. Үүнээс хэд дахин олон тооны эрчүүд энэ төрлийн үйлчилгээг тогтмол хүсэмжилдэг гэж "Time” сэтгүүлд бичжээ.

Биеэ үнэлэлт дэлхий дахинд ийнхүү залуужиж, цаашлаад эрс олширч буй нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том дайсан юм гэдгийг сэтгэл судлаачид болоод хууль хяналтынхан сэрэмжлүүлдэг. Гэвч үүнтэй хэрхэн тэмцэж, таслан зогсоох шилдэг аргыг өнөө хүртэл боловсруулж чадаагүй л байна.

Бэлгийн замын халдварт өвчний гол түгээгч, хүсээгүй жирэмслэлт, үргүйдэл зэргийн гол эх үүсвэрээр цоллогддог энэ төрлийн "ажил” эрхлэгчдийн эгнээ манай улсад ч гэсэн өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй нь нууц биш. Ингэхдээ цахим хэлбэрийг ашиглах болсон нь зөвхөн биеэ үнэлэлт төдийгүй хүний наймааны золиосонд өртөх эрсдэл давхар дагуулж буй нь хонх цохиход хүргэж байгаа юм.

"САНХҮҮ АВНА, ӨГНӨ”
Биеэ үнэлэлт цахим хэлбэрт шилжсэнээр оюутан залуус гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүртэл тус эгнээнд сайн дураараа нэгдэх болсон байна. Эх сурвалжийн хэлснээр фейсбүүк хуудас дахь "Санхүү авна, өгнө” гэсэн группэд арван жилийн нэг ангийн гурван охин хуурамч хаягаас хандаж, биеэ үнэлж байгаад гэр бүлийнхэндээ баригджээ. Ингэхдээ нэгнийх нь төрсөн ах биеэ үнэлэгч захиалснаар хэрэг дэгдсэн байна.

Захиалгын дагуу охидууд болзсон газраа очтол ахтайгаа халз тулчхаж. Ингээд л ах дүүгийн хооронд зодоон болж, аав, ээж нь салж сарних дээрээ тулсан байна. Энэ бол дөнгөж өнгөн хэсэг. Үүний цаана фейсбүүк, инстаграм зэргийг ашиглаж биеэ үнэлэх явдал цөөнгүй болжээ. Жишээлбэл, дээрх "Санхүү авна, өгне” гэдэгтэй адил үйлчилгээтэй хэдэн арван групп фейсбүүк байдаг юм байна.

Эгнээндээ олон мянган хэрэглэгч нэгтгэсэн эл группийг наанадаж гурван жилийн өмнө нээсэн гэдгээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ ямархуу эрэлттэй болох нь харагдана. Өнгөрсөн жил гэхэд цагдаагийн байгууллагаас ийм төрлийн 40 гаруй нууц группийг илрүүлжээ. Хэдийгээр илрүүлээд хаадаг ч давтан үйлдэл л биш бол эрүүгийн хэрэг үүсгэх боломж нь хууль, эрхзүйн хүрээнд хязгаарлагдмал байдаг гэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, олон нийтийн сүлжээгээр ч "Охидын биеэ үнэлэлт залуужлаа”, "Улам олширч байна”, "Ирээдүйд ээж болох охид, бүсгүйчүүд биеэ үнэлж байна” гэх зэргээр улиг болтлоо бичиж, ярьдаг. Гэхдээ үүнийг хэн дэвэргэж, өөгшүүлж байна вэ гэдгийг онцолж ярих ёстой болов уу. Учир нь эрэлт, нийлүүлэлтийн хуулиар эрэлт байгаа газарт нийлүүлэлт заавал байдаг гэж үздэг. Тэгвэл эрэлтийг хэн үүсгэж байна вэ.

Асуудлыг нөгөө өнцгөөс нь авч үзвэл, нийлүүлэлтийг өөгшүүлсэн эрэлт буюу бэлгийн дур хүслээ хангах гэсэн эрчүүдийн хязгааргүй их хүсэл тачаалтай шууд холбоотой юм. Дахиад хэлье. Эрэлт байгаа газарт нийлүүлэлт заавал байдаг. "Санхүү авна, өгнө” гэсэн дээрх групп рүү орж үзвэл "Санхүү авна” гэсэн постоос илүү "Мөнгө өгнө”, "Санхүүжилт хийнэ”, Санхүүгийн тусламж авах дажгүй охин байвал чат бичээрэй” гэсэн нь олон харагддаг.

Дээр хэлсэнчлэн ‘‘Амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй охидын тоо олширлоо”, "Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр биеэ үнэлэлт нэмэгдэж байна’’ гэж төрийн өндөрлөгүүдээс эхлээд амтай, хэлтэй эрчүүд бүгдээрээ шогширч толгой сэгсэрдэг ч эргэж хараад л энэ үгээ мартаж, охидын эрэлд "морддог”. Үүнийг хэн бүхэн мэддэг, мэдэрдэг. Тэгсэн хэр нь эрчүүдээс илүүтэй өнөө л муу нэртэй, луу данстай охид, эмэгтэйчүүдийг гоочилж, биеэ үнэллээ гэж аашилна, харааж зүхнэ. Энд биеэ үнэлэлтийг зөвтгөж байгаа юм биш.

Гол нь эрэлтийг тэнцвэржүүлж, ядаж өсөж өндийж яваа өсвөр үеийнхээ охид руу шүлсээ гоожуулж, тэднийг буруу зам руу бүү хөтлөөч ээ гэдгийг эрчүүддээ хандаж хэлэх гэсэн юм. Энэ санааг хэдхэн жилийн өмнө болсон харамсалтай нэгэн явдал бэлхнээ гэрчлэх буй за. Учир юу гэвэл, Хөх хот, Эрээн хот дахь биеэ үнэлэгч охидыг хүчээр нутаг буцаасныг уншигч та санаж буй байх. Энэ үйл явдлыг иргэдийн амар амгалан байдалд сөргөөр нөлөөлсөн учир нутаг буцаалаа гэж өнгөлөн далдалсан боловч угтаа байдал эсрэгээрээ болсон байдаг. Учир нь урд хөршид найзын хамт айлчилсан хижээл насны залуу архи уусан үедээ биеэ үнэлэгч дууджээ.

Шөнө орой болсны дээр, өрөө нь харанхуй байж. Нэг мэдэхэд өглөө болж. Гэтэл өвөртөө хэвтэх төрсөн охиноо хараад өнөө залуугийн зүрх газар дээрээ зогссон байна. Ийм л харамсалтай явдал болж. Хэрвээ тэр хүн охин үрээ сайн хайхарч халамжлаад, ядаж л биеэ үнэлэгч нэртэй охин шигээ хүүхдийг өвөртлөх санаа агуулаагүй бол ийм зүйл болоо ч уу, үгүй ч үү хэн мэдлээ.

"Охидууд болж бүтэхгүй байна” гэж хаа хаанаа халагладаг хэр нь тэднийг хаа таарсан газраа хүсэмжилж, хүслийг нь гүйцэлдүүлэхгүй бол санхүү санал болгох замаар хүслээ хангагч эрчүүд олширсны нэг жишээ энэ биз ээ. "Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр танихгүй эртэй нэг шөнийг мөнгөөр өнгөрүүлсэн охин ингэж болдог юм байна гэж бодно. Мэдээж бодсоноо хэрэгжүүлэхэд ядах юм байхгүй. Учир нь эрэлтийн цикл хэзээ ч зогсохгүй. Ингэж л монгол охид биеэ үнэлэх эхлэл тавигдаж, тэднийг эгнээг өргөжин тэлэхэд монгол эрчүүд гар бие оролцож байна. Энэ бол өнөөгийн амьдрал дахь цөөн хэдхэн үнэний нэг мөнөөс мөн билээ.

НУУЦХАН "КЕКС”
"Кекс амттай юу. Мэдээж маш гоё амттай. Гэхдээ бусдаас нууж, тамшаалж идвэл бүр гоё амттай”. Энэ сурталчилгаа Европ тивд хүчээ авч байсан цаг саяхан. Тэгвэл яг энэ зарчмаар ажилладаг "нууцхан кекс” ажиллагаа Монголд ид хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл, "Би чамайг, чи намайг танихгүй. Ахиж уулзах шаардлагагүй” гэдэг утгаараа масктай кексддэг "тогтолцоо” бий болж. Уг нь кинон дээр л гардаг үйл явдал л даа. Гэхдээ Монголд хэдийнээ ийм нууцхан кексний тогтолцоо үүсээд, бүр нутагшчихаж. Үүнийг нь зуучилдаг, холбодог тусгай групп байдаг гэх.

Нууцхан байдлаар кексдэхийг хүсэгчид групп чатаар холбогдож, улмаар бүүдгэр гэрэлтэй өрөөнд масктай учран золгодог байна. Ингээд л хоёр биеийнхээ хүслийг хангаад хоёр тийшээ нүүр буруулдаг гэсэн. Үүнээс гадна утсаар, чатаар кексдэх өч төчнөөн үйлчилгээ байдаг юм байна. Жишээлбэл, сошиалд нэг групп байна. Тэнд таалагдсан хүнтэйгээ холбогдож ярилцахын тулд эхлээд бага зэргийн мөнгө данс руу нь илгээх ёстой. Үүний дараа үйлчилгээ үзүүлэгч талаас эхлээд чээжин биеэ үзүүлдэг байна.

Дараагийн шат руу орохын тулд дахиад мөнгө төлөх ёстой. Иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн олонх нь өсвөр насныхан бол үйлчилгээ авагчдын олонх нь дунд эргэм насны эрчүүд эсвэл эмэгтэйчүүд байдаг гэх судалгаа дэлхий нийтэд байдаг юм байна. Харин манай улсад интернет хэрэглэгчдийн насны ангиллаа ч бүрэн хянаж чадахгүй байхад юун энэ төрлийн судалгаа, тандалт хийх манатай байдаг бололтой. Дээр дурдсан жишээ бүгд баталгаатай эх сурвалжаас авсан нотлох баримттай мэдээлэл.

ЭРЭЛТ БА НИЙЛҮҮЛЭЛТ
Эрэлтийг хэзээ ч таслан зогсоож хүчрэхгүй. Үүнийг дэлхийн олон улс орны туршлагаас бэлхэн харж болно. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгаж, охид эмэгтэйчүүдээ буруу зам руу халтирч орохоос хол байлгаж чаддаг, чадахын төлөө хүчин зүтгэдэг олон улс орон бий. Тэд хууль, журамдаа энэ төрлийн гэмт хэргийн талаарх зүйл ангийг тодорхой зааж өгөхөөс гадна охид, эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах талаар нарийн оновчтой зааж өгдөг байна.

Тиймдээ ч гаднын улс тэр дундаа Америк, Европ тивд өсвөр насны охидтой харилцах харилцаандаа эрчүүд болгоомжтой ханддаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Гэтэл Ази тивд энэ бүхэн эсрэгээрээ буюу аль болох бага залуу насны охидтой бэлгийн харилцаанд орохыг эрчүүд хүсэмжилдэг болох нь батлагджээ. Эндээс л төр засгаас нь хууль, эрхзүйн оновчтой шийдэл гаргадаггүй, иргэд нь хүмүүжлийн доголтой болох нь тодорхой харагдана.

Зарим хүн биеэ үнэлэлтийг нэгэнт зогсоож дийлэхгүй юм чинь "Эмсийн хүрээлэн байгуулсан нь дээр” гэхчлэн ярьдаг. Гэхдээ манай улсад энэ нь хэрэгжих тохиромжтой шийдэл биш юм. Тиймээс ядаж л өсөж өндийж, ургаж яваа өсвөр үеийн охид, бүсгүйчүүдээ буруу зам руу бүү хөтлөөч гэж эрчүүдээсээ хүсье. Тэд чинь магадгүй таны ирээдүйн ач зээ нарын чинь ээж болох ч юм бил үү. Хэн мэдлээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!